2010-06-14
Floralien 2010

          Floralien 2010

               Цэцэг болон ургамалын үзэсгэлэн яармаг

Цэцэг бол үерхэл нөхөрлөл, баяр хөөр, аз жаргал, хайр дурлал, ер нь л юм бүхний бэлэгдэл, мөн хүний сэтгэлийн илэрхийлэл гэж би боддог. Цэцэггүйгээр хорвоог төсөөлөхийн аргагүй. Бидний баяр жаргал, уйтгар гуниг бүх зүйл цаг үргэлж цэцэгтэй ямар нэгэн байдлаар үргэлж холбоотой байдаг билээ. Тийм ч учраас би цэцгэнд маш их дуртай…

Энэ удаа би та бүхэндээ Бельги улсад зохиогддог олон улсын цэцгийн үзэсгэлэн яармагийн талаар толилуулах гэж байна. Бельги улсын хааны гэр бүлийн ивээл дор 5 жил тутамд нэг удаа болдог энэхүү үзэсгэлэн нь энэ оны 4 сард Gent хотноо 34 дэх удаагаа зохион байгуулагдсан юм. 200 жилийн түүхтэй энэхүү үзэсгэлэнг энэ жил урилгаар 60000, түүнээс гадна 300 гаруй мянган хүн үзэж сонирхосон байна. Тус үзэсгэлэнд Канад, Хятад, Герман, Франц, Кени, Итали, Япон, ӨАБНУ, Швед, Голланд, АНУ зэрэг улсын дэлхийд нэртэй цэцэгчид өөрсдийн цэцгээр урласан гайхамшигийг дэлгэн үзүүлж өрсөлдсөн юм. Тус үзэсгэлэнгийн нийт  талбай нь 4,5 га байсан нь дэлхийд хамгийн томд тооцогдож буй бөгөөд мөн тэд 440м.кв усан талбай, 22000 м.куб шороог цэцэг, ургамалыг суурилуулахад ашигласан байна.

Үүсэл ба түүхээс:

18 дугаар зууны ялихгүй ихэс дээдэс, хөрөнгөтөн баячууд харийн этгээд сонин ургамал цуглуулж ургуулах этгээд сонирхолтой байжээ. Тиймээс тэд Бельгийн Gent хотын Kouter захын хорт холтсон цэцэг (ranunculus), алтан зул (tulipа), хонин нүдэн цэцэг (bellis perennis) зэрэг цэцгийн гол худалдан авагчид байжээ. Тэд бусдаасаа илүү гэдгээ харуулахын тулд энэ этгээд сонирхолдоо мөнгө харамгүй зардаг байж. Тэр үед цэцэгсийн зурагтай ганц нэгэн сэтгүүл гадаад орнуудад хэвлэгдэн гардаг байсан бөгөөд сонин содон маш гоё цэцэгсийн зургийг тэд тус сэтгүүлүүдээс л олж хардаг байв.Тухайн үе нь колончилолын үе байсан бөгөөд тухайн үеийн Англичууд далайн чанадаас өөрөөр хэлбэл өөрийн колони орнуудаас элдэв янзын сонин содон ургамал авчирдаг байсан байна.

Gent хотын нэгэн ухаалаг залуу Frans Van Cassel (1745 – 1835) тус зурагт сэтгүүлээс нэжгээдийг сонирхон худалдаж авчээ. Тэгээд тэрээр 1774 онд үзээд алдахаар шийдэж Английн “Loddiges” цэцэрлэгийн компаниас ихээхэн хэмжээний цэцэг ургамлыг худалдан авч өөрийн хүлэмжиндээ ургуулахаар болж.

1806 онд Францын удирдагч Напелеон Бонапарт Англи  улсыг тал талаас нь бүслэн гаднаас ямарч зүйл Англи  улс руу оруулахгүй байх арга хэмжээ авчээ. Зорилго нь гадаад орнуудтай харилцаа холбоогүй болж, гаднаас хоол хүнс, бараа таваар болон өөр бусад зүйл оруулахгүй бүгдийг нь хорьчихоор тус улсад ямар нэгэн наймаа арилжаа явагдахгүйн дээр тус улсын хүч нь суларч, энэ аргаар тэрээр Англи  улсыг өөрийн болгохыг санаархсан байна.

Энэ үед Англиас гадна орших, нөгөө сонин содон ургамалтай цөөн хэдэн хүний нэг нь өнөө гайхал Frans Van Cassel байв. Тэрээр боломж гарах бүрд Англи  улс руу очиж хамгийн сүүлийн үеийн шинэ соортын цэцэг ургамалыг сонирходог байж. Ингэж явахдаа тэр тус улсын цэцэрлэгчдийн гаргасан үзэсгэлэнг үзжээ.

Хөдөө аж ахуй цэцэрлэгжилтийн нийгэмлэг (1808)

1808 оны 10 сарын 10-нд Frans Van Cassel тосгоны нэгэн Au jardin de Frascati’ уушын газар өөрийн сонирхол нэгт цэцэрлэгчдийн хамтаар Английн цэцэрлэгчдийн худалдааны арга барилын талаар халуун яриа өрнүүлжээ. Нөхдөд нь түүний ярьсан зүйл үнэхээр их таалагдсан тул тэд өөрсдийн үзэсгэлэнг гаргахаар шийджээ. Үүнийг хийхийн тулд тэд эхлээд нийгэмлэг байгуулах хэрэгтэй болж. Ингээд тухайн өдрөө Gent хотын Akkerstraat гудамжны ойролцоо Coupure Rechts гэдэг газар Хөдөө аж ахуй цэцэрлэгжилтийн нийгэмлэг байгуулагдаж хүсэл сонирхол нэгт 34 цэцэрлэгч бүртгэгдсэн байна.

Анхны үзэсгэлэн (1809)

Хэдэн сарын дараа 1809 оны 2 сарын 6-нд шинэ нийгэмлэгийн анхны үзэсгэлэн ‘Au Jardin de Frascati’ уушын газар нээгджээ. Гэхдээ үүнийг одоогийн Floraliлn үзэсгэлэнтэй харьцуулашгүй юм. Тус үзэсгэлэн 48м.кв  хүрэхтэй үгүйтэй талбайд ердөө 49  цэцэг ургамал хамгийн сайхан ургамлын шагналын төлөө өрсөлдөхөөр тавигдсан байжээ. Үүнээс эхний байруудад цайн сарнай (camellia japonica, (cyclamen persicum), (erica triflora) зэрэг цэцгүүд шалгарчээ. Гэхдээ тус 49 ургамал бүгд л тухайн үедээ түгээмэл бус ургамалууд байв.

Хагас жил тутмын үзэсгэлэн

Анхны үзэсгэлэн нь гайхалтай амжилттай байсан тул тэд жилд 2 удаа өвөл болон зуны улиралд үзэсгэлэн гаргаж байхаар шийджээ.

Эхний үед уушын газарт үзэсгэлэн гаргах хангалттай зай байсан хэдий ч удалгүй тэд Gent хотын төвд  Kouter захаас холгүй Sodaliteit гэдэг газар нэгэн танхим олжээ. Ингээд 1810 оны өвлийн үзэсгэлэнд 243 ургамал тавигджээ.

Байнгын үйлчлүүлэгчдээ алдахаас айсан ‘Au Jardin de Frascati’ уушын газрын эзэн  Lanckman, Holstraat гудамжинд хажуудаа "Zaal van Flora" нэртэй тусдаа тасалгаатай кафе байгуулжээ. Тэрээр 1811 оны үзэсгэлэнг тэнд гаргахыг хүсэж байсан ч үзэсгэлэнгийн нэр хүнд өдөр ирэх тусам өсч улам өргөжин тэлж байсан тул тус тасалгаа нь удалгүй жижигдэж өөр арга хайхаас аргагүйд хүрчээ. 1815 он гэхэд үзэсгэлэнд тавигдах ургамалын тоо 500-д хүрсэн байна.

1815 оноос хойш одоогийн Бельги улс Голланд улсын захиргаанд орж тус нийгэмлэг William I хааны ивээл дор хааны нэрэмжит болсноор тэд жил бүр тэтгэмж авах болсон байна.

1828 онд 1200 ургамал багтах байр хэрэгтэй болсноор тэд хотын удирдлагад ханджээ. Тус үзэсгэлэн нь орон нутгийн цэцэрлэгжүүлэлтийн хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэж байгааг ойлгосон Gent хотын удирдлагууд хотын захиргааны байшингийн доод давхарт үзэсгэлэн гаргахыг зөвшөөрчээ.

1834 оны 50 дахь удаагийн үзэсгэлэн нь 25 жилийн ойтойгоо давхцаж Gent хотын Их сургуулийн хуралын танхимд зохион байгуулагдсан боловч тус танхим нь тодорхой шалтгаанаар тохирохгүй байсан учраас тэд өөрсдийн гэсэн байртай болохоор шийдсэн байна.

Казино дахь үзэсгэлэн (1836)

Хааны нэрэмжит тус нийгэмлэгийн амжилтыг зогсоох аргагүй өргөжин тэлж байсан тул тэдэнд хангалттай том газар хайх хугацаа хэрэгтэй байлаа. Тиймээс тэд “Gent хотын цэцэрлэгжүүлэлт, ургамал судлалын нэргүй нийгэмлэг” нэртэй нэгдсэн нийгэмлэг байгуулахаар шийджээ. Тус нийгэмлэг нь Казино-ийн барилга менежментийн ажлыг хариуцах юм. Үүний улмаас тэд тус бүр нь 100 Бельги франкийн 2500 ширхэг хувьцаа гаргажээ. Хувьцаа эзэмшигчид нь, 80 ширхэг хувьцаатай Leopold I хаанаас гадна тус нийгэмлэгийн гишүүд,үүсгэн байгуулагчид мөн цэцэг сонирхогчид байв.

1835 оны 1 сарын 8-нд 10 хүнтэй удирдах зөвлөлийн хурал болж тус хурлаас үзэсгэлэнгийн танхимаас гадна 800 хүний багтаамжтай концертын танхим, номын сан, зоогийн газар болон бусад хэрэгцээтэй танхимуудтай байгууламж барих түүний хажууд цэцэрлэг байгуулах төлөвлөгөө гарчээ. Gent хотын нэртэй уран барилгач Louis Roelandt тус байгууламжын загварыг гаргаж 1835 оны 6 сарын 2-нд шавыг нь тавьжээ. 1836 оны 8 сарын 15-нд Казино нээлтээ хийсэн бөгөөд 1837 оны 3 сарын 12-нд Казино дахь анхны үзэсгэлэн зохион байгуулагдсан байна. 

Анхны таван жил тутмын үзэсгэлэн (1839)

1839 онд гарсан үзэсгэлэнгээс хойш тэд тус үзэсгэлэнг таван жил тутамд нэг удаа зохион байгуулж байхаар болжээ.

1873 онд тус үзэсгэлэн анх удаа "Floraliеn" гэдэг нэртэй гарчээ.

1866 он гэхэд Казиногийн барилга багадаж эхэлсэн  тул тэд тус барилгыг дахин шинэчилж томсгохоор болжээ. Казино дахь сүүлчийн "Floraliеn" 1908 онд зохион байгуулагджээ. Хамгийн сүүлд 1914 онд Казинод сарнайн үзэсгэлэн гарчээ. Түүнээс хойш 1914-1918 оны жилүүдэд Казино эмнэлэгийн журмаар ашиглагдаж байв.

"Floraliеnpaleis" (1913)

20 дугаар зууны эхээр цэцгийн үзэсгэлэн гаргах шинэ байр хэрэгтэй болжээ. Ингээд 1913 онд Gent хотын Citadel цэцэрлэгийн дунд дэлхийн хэмжээний үзэсгэлэн гаргах "Floraliеnpaleis" барилга баригджээ. Тус барилга нь 28824 м.кв талбайтай 170м урт 60м өргөнтэй, 75*60м хэмжээтэй цахирмаа цэцэгс (orchid) болон дал моднууд (palm trees) байх шилэн хүлэмжтэй байв. "Floraliеnpaleis" барилга  Gent хотын захиргааны өмч байсан ч тэд 5 жил тутамд үзэсгэлэнг гаргахад барилгыг үнэгүй ашиглуулж байв. Энэ барилгад 13 удаагийн үзэсгэлэн зохион байгуулагдсан бөгөөд хамгийн сүүлийнх нь 1985 онд болжээ. Үүний дараагаар тэд Flanders Expo буюу Gent хотын захад байх том үзэсгэлэнгийн барилгад үзэсгэлэнгээ гаргах болж.

Flanders Expo дахь "Floraliеn" (1990)

1990 оны 4 сараас "Gentse Floraliеn" үзэсгэлэн Flanders Expo-д зохион байгуулагдаж эхэлжээ. Энэ удаагийн үзэсгэлэн 43000м.кв талбайтай байсан ба 1990, 1995, 2000 онуудад "Floraliеn"-ийн түүхэн дэх хамгийн том хэмжээтэй үзэсгэлэнгүүд гарчээ.

Жич: Зарим цэцэгсийн нэрийг Монголоор олж чадаагүйдээ хүлцэл өчье.

Тус үзэсгэлэнгийн зарим зургаас...
































































































































































































































Бичсэн: vlinder | цаг: 01:19 | Цэцэг
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих